Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь үндэсний болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг монгол улсын тэргүүлэх болон үйлчилгээний салбарын анхдагч сургууль юм.
Манай оронд аж үйлдвэрийн үндэс суурь тавигдаж, тэнд ажиллах мэдлэг, ур чадвартай мэргэжилтэй ажилтан, ажилтныг бэлтгэх шаардлага зайлшгүй бий болсноор Монгол улсын техникийн болон мэргэжлийн боловсрол гараагаа эхэлсэн билээ.
Монголын үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн 1960 оны 10 сарын 11-ний өдрийн 38-р тогтоолоор “Дарга мастерын сургууль”-ийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Үйлдвэрлэл хоршооллын сургууль комбинат” болгон зохион байгуулж, 5 төрлийн курсэд 140 сурагчтай сургалт явуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн байна.
1966-1971 онд Үйлдвэр хоршооллын техник мэргэжлийн сургууль, 1972-1987 онд нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургууль, 1987-1990 онд Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн дунд сургууль, 1990-1994 онд Нийтийн ахуй үйлчилгээний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 1994-1999 онд Үйлдвэрлэл үйлчилгээний техникийн дунд сургууль, 1999-2012 онд Үйлдвэрлэл урлалын сургууль, 2012 оноос Үйлдвэрлэл урлалын политехник коллеж болон өргөжиж, өдгөө тус сургууль нь 60 жилийн хөгжлийн замыг туулан, түүхт ойтойгоо золгож байна.
Тус сургууль нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 11 сарын 3-ны өдрийн 197-р тогтоолоор Гадаад харилцааны яам, Соёлын яамны саналыг үндэслэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын улс төрийн зүтгэлтэн Ражив Гандийн нэрэмжит болсон.
Түүхэн хөгжлийн хугацаанд тус сургууль нь 45000 гаруй мэргэжилтэй ажилтан, техникчдийг бэлтгэсэн бөгөөд өнөөдөр 2152 гаруй суралцагчтай, 130 гаруй багш, ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж, мэдээлэл технологи, бизнес удирдлага, инженерчлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, урлагийн салбарт 28 хөтөлбөрөөр мэргэжилтэй ажилтан, 12 хөтөлбөрөөр техникчдийг бэлтгэн суралцуулж байна.
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь үндэсний хэмжээнд 2005, 2011, 2021 онуудад 3 удаа байгууллагаа магадлан итгэмжлүүлсэн нь анхны магадлан итгэмжлүүлсэн сургуулиудын нэг болсон бөгөөд 2024 онд ISO9001:2015, ISO21001:2018 олон улсын чанарын нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч салбарын анхдагч сургууль болсон. Мөн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн 12 мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж, энэ нь салбартаа БМИҮЗөвлөлөөр хамгийн олон хөтөлбөр магадлан итгэмжлүүлсэн сургалтын байгууллага болсон байна.
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 2025-2026 оны хичээлийн жилд 92 багштай сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 11% нь зөвлөх, 20% нь тэргүүлэх зэрэгтэй багш нар эзэлж байгаа нь сүүлийн 5 жилтэй харьцуулбал тэргүүлэх багшийн тоо 3 дахин, зөвлөх багшийн тоо 10 дахин нэмэгдэж, сургалтын чанарыг сайжруулах, мэргэжил, арга зүйн ур чадварыг дээшлүүлэх судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, инноваци нэвтрүүлэх ажлаар мэргэжлийн боловсролын салбарын тэргүүлэх сургууль болсон байна.
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 60 жилийн түүхийн хугацаанд “Монгол дархан”, “Сийлбэрийн урлаг”, “Үнэт эдлэлийн бүтээгдэхүүн урлал”, “Арьсан урлал”, “Бэлэг дурсгалын зүйл урлаач”, “Уран зураг” зэрэг монгол урлагийн мэргэжлийн сургалт явуулж, ардын өв уламжлалаа хадгалан өвлүүлж буй цор ганц мэргэжлийн боловсролын сургууль юм. 1966 онд “Уран сийлбэр”, “Уран баримал”, “Монгол дархан” мэргэжлийн ангийг нээн хичээллүүлснээр тус сургуулийн дүрслэх урлагийн салбарын суурь нь тавигдаж одоог хүртэл Монгол язгуурын үнэт өв соёл болох уран дархан, уран сийлбэр, үндэсний уламжлалт гар урлалын бүтээлүүд урлах мэргэжилтнүүдийг хариуцлагатай үргэлжлүүлэн бэлтгэсээр байна. 1966 оноос хойш сургуулийн үе үеийн багш суралцагчид нар дараах томоохон бүтээлүүдийг хийжээ.
Тус сургуулийн урлагийн мэргэжлийн үе үеийн багш, төгсөгчид үндэсний өв соёл уламжлалжлаа шинэчлэн сайжруулж, улам дэлгэрүүлэн үргэлжлүүлсээр байгаа нь бидний бахархал билээ.
2026 оны байдлаар дотоодын зах зээлд 250 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, суралцагчдыг дадлагажуулан ажлын байраар хангаж байгаа бөгөөд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн жилүүдэд 83.6 -87.8 хувьтай байгаа нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм.
Түүнчлэн Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, “СИТИ” Их Сургууль, Монголын Хөдөлмөрийн Их Сургууль, “Хүрээ” Их Сургуулиудтай төгсөгчдийг шатлан сургахад хуулийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг улстай боловсролын түншлэлээр хамтран ажиллаж, олон улсын “Pearson BTEC IT” III түвшний хөтөлбөр, БНСУ-ын их сургуулиудтай Зочид буудал, аялал жуулчлал, агаарын тээврийн нисэх буудлын үйлчилгээний ажилтан, хоол үйлдвэрлэл, гоо засалч мэргэжлээр хамтарсан “1+1”, “2+2” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сургалтын үндсэн үйл ажиллагаанаас гадна мэргэжлийн багш, суралцагчдын бие даасан “Хүслийн жигүүр”, “WAY ART”, “Миний бүтээл” үзэсгэлэнгүүд, “Алтан хайч”, “Автомат робот”, “Уран сэтгэмж” Монгол ур чадварын улсын уралдаан, “Англи хэлний олимпиад”, энтрепренершип сэтгэлгээг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, инновац бүтээмжийг нэмэгдүүлэх бүтээлүүд зэрэг олон талт үйл ажиллагааг жил бүр тогтмол төлөвлөн амжилттай зохион байгуулж, суралцагчдыг хөгжүүлж байна.
Тус сургуулийн багш, суралцагчдын сүүлийн жилүүдэд гаргасан томоохон амжилтаас дурьдвал:
Нийт суралцагчдын 21 хувь нь мэргэжлийн олон улс, улс, бүсийн олимпиад, ур чадварын уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа нь тус сургуулийн сургалтын чанарын бодит үзүүлэлт болж байгаа юм.
Түүхэн он жилүүдийн хугацаанд тус сургуульд ажиллаж байсан багш нараас Монгол улсын гавъяат багш Т.Дунжаа, П.Ренчин, Ж.Юра, Ө.Чулуунбаатар, Д.Амар нар, төгсөгчдөөс Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Дамдимаа, Л.Чиваамид, Ц.Ойдов, Үйлчилгээний гавъяат ажилтан Ж.Довчинсүрэн, Ц.Цогзолмаа, Монгол улсын гавъяат тамирчин Н.Баярсайхан нар төрөн гарсан нь бид бүхний бахархал, үлгэр дуурайлал болж байдаг билээ.
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь байгууллагын гүйцэтгэлийн 2025 оны үнэлгээгээр 97.6 хувиар 1-р эрэмбээр үнэлэгдсэн бөгөөд “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийн гүйцэтгэл сүүлийн 3 жил 96-99%-тай үнэлүүлсэн бөгөөд бүс нутагтаа манлайлагч, олон улсын жишигт нийцсэн, жендэрт ээлтэй, нээлттэй, ногоон, цахим сургууль байх стратегийг хэрэгжүүлж буй хамт олон юм.
Монгол улсын мэргэжилтэй ажилтан бэлтгэх боловсролын салбарыг эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцооны нөхцөлд зохицуулан хөгжүүлэх, нийгмийн түншлэл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, суралцагч, төгсөгчдийн сонирхолд нийцсэн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах талаар 60 жилийн турш тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байна.