Бидний тухай

Урлал дизайны тэнхим

     

       Дүрслэх урлагийн салбар нь 1966 онд Уран сийлбэр, Уран баримал болон Уран дарханы ангийг анх нээн ажиллуулснаар суурь нь тавигдсан билээ. Уран сийлбэрийн багшаар Монгол Улсын ардын зураач Л.Чуваамид, уран барималын багшаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдимаа, Монгол дарханы багшаар Монголын ард түмний гавьяат багш Д.Нямхүү нар анхны шавь нарыг сурган хүмүүжүүлж бэлтгэж эхэлсэн юм.

      1995 онд Уран зураг, Гобелен /туурган хивс/, Үйлдвэрлэлийн график дизайн, Хувцас загвар, Керамик, Металл урлал, Чимэглэх урлаг, Монгол зураг, Арьсан урлал, Хүүхэлдэй бэлэг дурсгалын ангиудыг нээн өнөөгийн сургалтын чиглэл тодорхойлогдсон.

     2001 онд Энэтхэгийн хөрөнгө оруулалттай Үнэт эдлэлийн дархан, 2006 онд хэвлэлийн график дизайн, 2015 онд Интерьер дизайны ангийг нээн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Орчин үеийн чиг хандлагад тулгуурлан сургалтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд Японы  улсын Жайка төслийн хүрээнд Үйлдвэрлэлийг график дизайны ангийг, 2018 онд Германы хамтын нийгэмлэгийн төслөөр Үнэт эдлэлийн дарханы ангийн тоног төхөөрөмж, сургалтын орчинг шинэчиллээ.

       Өнгөрсөн хугацаанд нийтдээ 1700 орчим уран бүтээлч, гоо зүйн мэдлэгтэй залуусыг бэлтгэн төгссөжээ.  Манай төгсөгчдөөс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов/ “Монгол Улсын төрийн сүлд”-ийг зохиогч/, Оросын холбооны Улсын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийг төгсөөд уг сургуульдаа урилгаар багшилж буй Б.Отгонтүвдэн, Герман улсад Монгол Улсаас анх удаа уран зургийн галлерейг нээн уран бүтээлээ туурьвиж буй Э.Отгонбаяр, ОХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийн шилдэг төгсөгч, Монгол Улсад кино урлагийн албан ёсны 2 дахь зураач Э.Батхүлэг, Итали улсын Флоренцын Урлагийн академийг урлаг судлаачаар төгсөөд олон улсад амжилттай ажиллаж буй О.Ундрах, олон улсын “Tiger Translate” уралдаанд “Voyage” урлагийн наадам, Монгол-Солонгосын хамтарсан уралдаанаас холимог техникийн төрөлд тэргүүн байр тус тус хүртэж байсан зураач Б.Орхонтуул, Б.Бадрал, Сингапурын Дүрслэх Урлагийн Музей, АРВ сангаас хамтран зохион байгуулсан "Signature Art Prize" олон улсын уралдаанаас "Орон зай дахь дуу хоолой" баримлаараа үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлийн шагналыг хүртэж, Монголын дүрслэх урлагийг дэлхий дахинд таниулж буй Д.Дорждэрэм нарын уран бүтээлчид бидний бахархал билээ.

  Дүрслэх урлагийн мэргэжлээр хамтран  монгол дарханы урлалаар “Түмэн Эрдэнэс” холбооны захирал Г. Пүрэвсүрэн, “Хас гоёл” компаний захирал Ч.Батзориг, “Төгс мэдрэмжийн эрэлд”, “BrianStorm” брендинг компаны захирал дизайнер О.Одонболд, “Мон-долл” хүүхэлдэй урлалын холбооны тэргүүн О. Доржхорол гэх мэт улс орондоо төдийгүй олон улсад нэр алдраа гаргасан Монгол улсынхаа хөгжилд  манлайлж яваа уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

   Улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын чиглэлээр сургалт явуулж буй нийт 83 сургуулиас “Дүрслэх урлаг”-ийн 11 мэргэжлээр цогц сургалтыг явуулж буй Урлал Дизайны Тэнхимийн хамт олны товч танилцуулга.

ОДОО АЖИЛЛАЖ БУЙ БАГШ НАР:

  1. Тэнхимийн эрхлэгч - Чимэглэх урлагийн  багш Н.Саруул:
  2. Үйлдвэрлэлийн график дизайны багш Д.Ариунбол
  3. Уран сийлбэрийн багш Д.Анхбаяр
  4. Монгол дарханы багш Т.Отгонбаатар
  5. Үнэт эдлэл дарханы багш Б.Жамаа
  6. Орчны дизайны багш Д.Туул
  7. Хүүхэлдэй бэлэг дурсгалын багш С.Энхсаруул
  8. Интерьер дизайны багш Н.Саруул-Оргил
  9. Хэвлэлийн график дизайны багш М.Болорнаран
  10. Уран зургийн багш  Ц. Болор
  11. Уран зургийн багш   Э.Цог
  12. Арьсан урлалын багш Т. Өлзийсайхан