

Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн судалгааны баг “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний үндэсний уралдаанд тэргүүн байр эзэлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн бахдам амжилт гаргалаа.
Улсын хэмжээнд зохион байгуулагдсан тус уралдаанд 21 их, дээд сургууль, политехник коллеж, мэргэжлийн боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн шилдэг судлаачид оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, туршлагаа хуваалцсан юм.
Энэхүү амжилтыг тохиолдуулан сургуулийн захирал тэргүүн байр эзэлсэн судалгааны багийг хүлээн авч уулзан, баяр хүргэж, судалгааны ажлын үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэллээ.
Судалгааны багийн “Мэргэжил эзэмшилт, нийгэмшихүйн цогц шийдлээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн амжилтын замыг чиглүүлэх нь” сэдэвт бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тэгш хүртээмжтэй боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх үйл явцад тулгарч буй сорилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, бодитой шийдлүүдийг дэвшүүлснээрээ боловсролын салбар болон нийгэмд өндөр ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр сургуулийн захирал эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн нь сургуулийн хөгжил, нэр хүндийг өргөж, боловсролын бодлого, үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн багш нарын бүтээлч сэтгэлгээ, тасралтгүй хөгжих эрмэлзэл, судалгаанд суурилсан манлайлал нь хамт олондоо болон ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болж байгааг сайшаан, судалгааны багийн нийт гишүүдэд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Эрдэм судлалын амжилт – Боловсролын хөгжлийн үндэс!
ХӨГЖЛИЙГ УРЛАН БҮТЭЭЕ!