

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д гишүүнээр элссэний 65 жилийн ойн хүрээнд хүүхэд, залууст тогтвортой хөгжлийн зорилгууд болон дэлхийн иргэний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, өдөр тутмын амьдралдаа эерэг дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Дэлхийн Монгол иргэн” цахим аяныг орон даяар зохион байгуулж байна.
Тус аяныг “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-ын санаачилгаар НҮБ, Гадаад харилцааны яам, Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн төлөө нэг хүүхэд – нэг үйлдэл” уриан дор хэрэгжүүлж байгаа юм.
Аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “SDG17 in Action” зургийн үзэсгэлэнд Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн “Эко клуб”-ын гишүүд дахин боловсруулах боломжтой материал ашиглан урласан бүтээлүүдээрээ амжилттай оролцлоо.
Энэхүү оролцоо нь суралцагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах хандлага, бүтээлч сэтгэлгээ, нөөцийг хэмнэлттэй ашиглах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Нэг хүүхэд – Нэг үйлдэл. Нэг үйлдэл – Тогтвортой ирээдүй!