
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс “Сэргээн засалт, мэргэжлийн боловсролын сургуулийн 50 жилийн ой”-г тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг сургах арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний үндэсний уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд их сургууль, политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургуулийг төлөөлөн нийт 21 байгууллагын судлаач, багш нар бүтээлээрээ оролцсон байна.
Уралдаанд Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн судлаач багш нарын баг ТЭРГҮҮН БАЙР эзэлж, судалгааны ажлын үр дүн, арга зүйн шийдлээ амжилттай танилцууллаа.
Тус багийн бүрэлдэхүүнд багш О.Цолмонгэрэл, С.Энхсаруул, Д.Бямбажаргал нар ажиллаж, “Мэргэжил эзэмшилт, нийгэмшихүйн цогц шийдлээр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн амжилтын замыг чиглүүлэх нь” сэдвээр судалгааны бүтээлээ хэлэлцүүлжээ.
Энэхүү судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл явц болон нийгэмших чадварыг дэмжих арга зүйг цогцоор нь авч үзэж, тэдний суралцах оролцоо, хөгжлийн боломж, цаашдын амжилтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга зүйн шийдлийг дэвшүүлсэнээрээ онцлог ач холбогдолтой юм.
Судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд чиглүүлж, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажилласан Багшийн хөгжлийн арга зүйч Ц.Мөнхнаранд талархал илэрхийлье.
ҮУПК-ийн судлаач багш нартаа сургуулийн захиргаа, нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт, бүтээлч ололт, шинэ санаа, арвин их амжилтыг хүсэн ерөөе.
ЭРДЭМ СУДЛАЛЫН АМЖИЛТ — ҮУПК-ИЙН АМЖИЛТ!