Мэдээ

ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙГОО ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС“ ОДОН БОЛОН ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЧ АМЖИЛТААР ДҮҮРЭН УГТЛАА.

10 сарын 19, 2026

Pas.mnPas.mnPas.mn

 

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж түүхт 60 жилийн ойгоо төрийн дээд шагнал "Алтан гадас" одон болон Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авч амжилтаар дүүрэн угтлаа.

Монгол Улсын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарт олон арван жилийн турш мэргэжилтэй ажилтан, ур чадвартай боловсон хүчин бэлтгэн төгсгөж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус коллежийн үйл ажиллагааг төр, олон улсын байгууллагууд өндрөөр үнэллээ.

Тус коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнаж, шагналыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулан өглөө. Энэхүү шагнал нь үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгч, суралцагчдын олон жилийн хөдөлмөр, зүтгэлийн бодит үнэлгээ боллоо.

Мөн 60 жилийн ойн хүрээнд коллеж байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. Тус магадлан итгэмжлэлийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) болон Европын Холбооны Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо (ATHEA)-ны хамтарсан үнэлгээгээр олгосон байна.

Олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг 2026 оны 5 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд коллежид ажиллаж, байгууллагын удирдлага, сургалтын үйл ажиллагаа, чанарын баталгаажуулалтын тогтолцоог олон улсын шалгуур, шаардлагын дагуу үнэлжээ. Үүний үр дүнд ATHEA-ийн эрх бүхий комисс 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр магадлан итгэмжлэх шийдвэр гаргаж, уг магадлан итгэмжлэл таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар баталгаажсан байна.

Энэхүү магадлан итгэмжлэл нь Монгол Улсын Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн 5, 6 дугаар түвшинд хамаарах боловсрол, мэргэшлийн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Мөн Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын стандарт, удирдамж (ESG)-д нийцсэнээрээ сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

“Алтан гадас” одон болон олон улсын магадлан итгэмжлэл хүртсэн нь Үйлдвэрлэл, Урлалын Политехник коллежийн 60 жилийн түүхэн замналын онцлох амжилт төдийгүй мэргэжлийн болон техникийн боловсролын чанарыг шинэ түвшинд хүргэх хөгжлийн шинэ үеийн эхлэл болж байна.

Түүхт 60 жилийн ойгоо бахдам амжилтаар тэмдэглэж буй Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчид, багш, ажилтан, суралцагчдадаа халуун баяр хүргэж, сургалт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.

ТҮҮХЭЭ БҮТЭЭЖ, ХӨГЖЛИЙГ УРЛАН БҮТЭЭЕ!

ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ – 60 ЖИЛ