Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежид STEAM боловсролыг хөгжүүлэх, суралцагчдын программчлал, инженерчлэл болон техник хангамжийн практик ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлдвэрийн 10 иж бүрдэл робот сургалтын хэрэглэгдэхүүн болгон гардууллаа.
Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүнийг Боловсролын яамнаас STEAM буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Урлаг, Математикийн боловсролыг дэмжих, суралцагчдад код бичих, техник хангамж угсрах, турших замаар практик ур чадвар эзэмшүүлэх зорилгоор олгож байгаа юм.
Сургалтын иж бүрдэл роботыг Зөвлөх н.Ач-Эрдэнэ, Боловсролын яамны Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, хөтөлбөр, чанарын баталгаажуулалт, зөвшөөрөл хариуцсан шинжээч Д.Эрдэнэбат нар гардуулан өглөө.
Эдгээр робот, сургалтын тоног төхөөрөмж нь суралцагчдад онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, роботыг өөрсдийн гараар угсрах, программчлах, турших замаар инженерчлэл, программчлал, техник технологийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
STEAM БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖ
Асуудал шийдвэрлэх чадвар
Суралцагчид танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ бодит тоног төхөөрөмж дээр туршин хэрэгжүүлж, роботыг угсрах, код бичих, турших явцдаа техникийн асуудлыг тодорхойлон бие даан шийдвэрлэх арга барилд суралцана.
Техник болон бүтээлч сэтгэлгээний хослол
Программчлал, инженерчлэл, тооцооллын сэтгэлгээний мэдлэгийг уран сэтгэмж, дизайн, загвар зохион бүтээлттэй хослуулан хөгжүүлснээр олон талын ур чадвартай мэргэжилтэн болон төлөвших суурь бүрдэнэ.
Инновац, бүтээлч сэтгэлгээ
Бэлэн зааврын дагуу робот угсарч ажиллуулахаас гадна өдөр тутмын амьдрал болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ухаалаг, шинэлэг бүтээл, технологийн шийдэл боловсруулах сэдэл, сонирхлыг нэмэгдүүлнэ.
Ийнхүү сургалтын орчныг орчин үеийн технологи, практик хэрэглэгдэхүүнээр баяжуулснаар суралцагчдын код бичих, робот угсрах, инженерчлэлийн сэтгэлгээ, бүтээлчээр асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Ирээдүйн инженер, техникч, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын орчныг шинэ технологи, хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлсэн Боловсролын яамны хамт олонд талархал илэрхийлье.
“ХӨГЖЛИЙГ УРЛАН БҮТЭЭЕ”


