Манай сургууль төгсөгчидтэйгээ тогтмол эргэх холбоотой ажиллаж, мэргэжлийн хөгжил, ажил эрхлэлт, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Сургуулиа төгсөх үед төгсөгчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авч, сургалтын хөтөлбөр, сургалтын орчин, эзэмшсэн ур чадварын талаар санал хүсэлтийг нь сонсон ажилладаг. Судалгааны үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрөө хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулж байна.
Төгсөгчдийг “Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Төгсөгчид” пэйж хуудсанд нэгтгэн, хамтран ажилладаг байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээлэл, сургуулийн үйл ажиллагааны мэдээ, төгсөгчдийн спортын тэмцээн, төгсөгчдийн холбооны үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэдэг.
Мөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг жил бүр зохион байгуулж, ажлын байранд зуучлуулах хэрэгцээтэй төгсөгчдийг хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрүүдтэй холбон ажиллаж байна. Үүний хүрээнд ажлын байр санал болгох, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчдийг ажил олгогчдын уулзалт, хэлэлцүүлэгт урьж оролцуулан, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, туршлага хуваалцан хамтран ажиллаж байна.
Эрхэм төгсөгч таныг бид үргэлж дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.
Хэрэв та мэргэжлийн ур чадвараа ахиулах, дахин суралцах, шинэ чиглэлээр хөгжих хүсэлтэй бол манай сургуультай холбогдоорой. Мөн ажлын байранд зуучлуулах, ажил олгогч байгууллагуудтай холбогдох боломжийг бид танд хүргэхэд таатай байх болно.
Түүнчлэн өөрийн төгссөн мэргэжлээр суралцаж буй дүү нартаа туршлага, мэдлэгээ хуваалцан лекц, зөвлөгөө өгөх хүсэлтэй бол бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Таны мэдлэг, туршлага дараагийн үеийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болно.